Skip to content

“Амжилтын гарц” сургалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

  • by

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Амжилтын гарц” сургалт, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Монголын урлагийн зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо нь Монгол улсын Соёлын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хөтөлбөрийн хүрээнд соёл, урлагийн салбарын ажилтнууд, чөлөөт уран бүтээлчид, удирдлагын ажилтнуудын дунд “Амжилтын гарц” зохистой хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн үндсэн зарчмуудын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгууллаа.

Сургалтад “Хөдөлмөрийн хүрээний суурь зарчмууд”, “Албан бус хөдөлмөр эрхлэлтээс албан хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоонд шилжихийн ач холбогдол”, “Уран бүтээлчдийн статусыг дээшлүүлэх нь- ЮНЕСКО-гийн 1980 оны зөвлөмжийн тухай” болон “Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэл”, “Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга” сэдвийн хүрээнд ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын зохицуулагчид болон хөдөлмөрийн чиглэлээр мэргэшсэн эрх зүйч, хуульч, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавьж, сургалтад чиглүүлэгчээр ажиллаа.

Сургалтад УБ хот болон орон нутгаас нийт 180 гаруй соёл, урлагийн салбарын ажилтнууд, чөлөөт уран бүтээлчид оролцож, салбарын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг хөндөж, зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг хүлээн авч, цаашдын ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд орох боломжуудад суралцсан үр өгөөжтэй сургалт боллоо.

Зохион байгуулагчид сургалтын хүрээнд гарсан зөвлөмжийг Соёлын яамны хүний нөөцийн бодлогод тусгахаар ажиллаж байна.