UN ESCAP WOMEN ENTREPRENEUR GROWTH FUND “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕСИЙГ СЭРГЭЭН БОСГОХ, ӨРГӨЖҮҮЛЭХ, ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ЦАХИМ ШИЙДЛҮҮДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР”
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
НҮБ-ын Ази Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг Нийгмийн Комисс (ESCAP) нь бүс нутгийн хүрээнд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэн ажилладаг 62 орны гишүүнчлэл бүхий засгийн газар хоорондын байгууллага юм.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрч, бизнесийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа доголдсон. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийн 80%-д үнэмлэхүй сөрөг нөлөө үзүүлж, 91%-ийнх нь орлого 31-50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлт гарсан. Үүний томоохон шалтгаан нь бараа материалын шилжүүлэн байршуулах хязгаарлагдмал боломж болон бизнесээ цаг тухайд нь цахим шилжилтэд хамруулах чадамжгүй байсанд оршиж байв.
Тиймээс ESCAP-аас Women Entrepreneur Growth Fund хэрэгжүүлж байгаа бөгөөд тус сангийн зорилго нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, бизнесийг нь өргөжүүлэх, дэмжихэд чиглэсэн цахим шийдэл бүхий хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж, тэтгэлэг олгож, үйл ажиллагааг нь дэмжих юм.
2021 оны 7 дугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус сангийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг улсуудын тоонд Монгол улсыг хамруулах талаар ESCAP-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад албан хүсэлт илгээснээр Women Entrepreneur Growth Fund-ын үйл ажиллагаа Монгол улсад нэвтрэх суурийг тавьсан.
Энэхүү сангийн анхны төслийг Монгол улсад хэрэгжүүлэгч үндэсний байгууллагаар IWFCI Mongolia буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар байгууллага сонгогдон ажиллаж байна.
Women Entrepreneur Growth Fund-аас Монгол улсад “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийг эхлүүлээд байна.
Хөтөлбөрт бүртгүүлэх өргөдлийн маягтыг PDF хувилбараар татах
Өргөдлийн маягтыг foreign.relations@iwfci.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна.
Тус хөтөлбөрийн шугамаар эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, тэдний бизнесийн өсөлтийг дэмжих, өргөжих боломж нээх чиглэлд хөгжүүлж буй хувийн хэвшлүүдийн гаргасан цахим шийдлийг шалгаруулж тэтгэлэг олгох юм.
Энэхүү хөтөлбөрт оролцогч хувийн хэвшил нь заавал эмэгтэй үүсгэн байгуулагчтай, эмэгтэй захиралтай, эсвэл тодорхой хэмжээний ажилтан нь эмэгтэй байх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн байгууллагын санал болгож буй технологийн болон цахим шийдэл нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, тэдний бизнесийг дэмжсэн байх үндсэн шалгууртай. Өөрөөр хэлбэл хөтөлбөрт хамрагдаж тэтгэлэг авах оролцогчдод хүйсийн хязгаар байхгүй.
Үндсэн шалгуур үзүүлэлтүүд:
- Тэтгэлэг хүсч буй төсөл нь заавал цахим шийдэл байх. Бусад улсуудад шалгарсан төслүүдийн жишээг линкээс үзнэ үү: https://www.uncdf.org/article/7019/announcing-the-10-winners-of-the-women-enterprise-recovery-fund
- Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэсэн цахим шийдэл байх;
- Тэтгэлгээс хүсч буй нийт хөрөнгө оруулалтын 30%-ийг төсөлдөө бие даан (консорциум хэлбэртэй бол хүчинтэй гэрээний дагуу хамтран) оруулсан байх;
- Цахим шийдэл туршилтын үеэ амжилттай давсан, нотолгоотой байх;
- Тэтгэлэгт өргөдөл гаргах байгууллага нь Монгол улсад албан ёсны бүртгэлтэй, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан гаргадаг хувийн хэвшил байх.
- Бусад шалгуур үзүүлэлтийг өргөдлийн маягтаас дэлгэрэнгүй харна уу.